Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Tuesday, January 16, 2024

Инженер геологийн шинжлэх ухааны бүтэц (Товч мэдээлэл)

Инженерийн геологи нь ул хөрс судлал, инженерийн геодинамик, нутаг дэвсгэрийн инженер геологи /региональ/ , тухайлсан ажлын инженер геологи, ашигт малтмалын инженер геологи гэсэн үндсэн салбаруудаас бүрддэг.

Ул хөрс судлал: Хөрс судлал нь хөрсний шинж чанарыг тэдгээрийн бүрэлдэхүүн ба чулуулгийн бүтэц тогтоцын онцлогоос хамааруулан судалдаг шинжлэх ухаан юм. Хөрсний фазуудын дотоод холбоо болон тэдгээрийн бусад биетүүдтэй холбогдох гадаад холбоо, физик механик шинж чанарыг тодорхойлдог. Ул хөрс гэдэг нь уулын бутархай чулуулаг бөгөөд энэ нь газрын гадаргуугийн өгөршсөн давхарга билээ.

Барилга байгууламж барих газрын ул хөрсний онцлог нь уулын цулаас бутархай чанараар ялгагдана. Иймээс ул хөрс бол хоорондоо холбоотой болон холбоогүй бутархай чулуулгаас бүтсэн биет юм. Бутархай  чулуулгийн хоорондын холбоосын бат бэх тэдгээрийн цулынхаас олон дахин бага байдаг. Иймэрхүү бутархай байдал нь хөрсийг сүвэрхэг болгох бөгөөд үүнээс үүдэн хөрс амархан шахалтанд ордог. Энэ нь уулын чулуулгийг ус нэвтрүүлэх чанартай болгоно. Инженерийн үйл явцад ашиглахад хөрсний бат бэх ба тогтвор нь түүний хатуу хэсгүүдийн хоорондын холбооноос их хамаардаг.

Барилгын буурь болох ул хөрсний шинж чанарыг үнэлэхдээ тэдгээрийн хэв гажилтын ба бат бэхийн үзүүлэлтүүдэд голлон анхаарах ёстой. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүд нь хөрсний: хими эрдсийн бүрэлдэхүүн , бүтэц ба тотоц, устай харилцан үйлчлэлцэх чанар , өгөршлийн зэрэг болон бусад онцлогуудаас хамаардаг болохыг бодолцох хэрэгтэй. Буурийн ул хөрсний шинж чанарын аль нэг онцлогыг бодолцохгүйгээр барилга, байгууламжийг төсөллөх ба барих явцад алдаа гаргахад хүргэх ба ашиглалтын явцад хөрсний бат бэх алдагдах магадлалтай юм.

Энэ хэсэгт барилгын зориулалтаар ашиглах ул хөрсний шинж чанаруудтай холбогдох асуудлуудыг авч үзэхээс гадна тэдгээрийн шинж чанарыг сайжруулах аргуудын талаар үндсэн ойлголтуудыг авах юм.

Инженерийн геодинамик: Байгалийн нөхцөлд болон хүний инженерийн үйл ажиллагаатай холбогдон үүсч гарах геологийн үйл явц, үзэгдлийг судалдаг салбар юм.  Инженерийн геодинамикийн судалгааны зорилго нь геологийн орчныг оновчтой ашиглах, геологийн  үйл явцыг зүй зохистой удирдах аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах явдал юм. 

Байгалийн геологийн процесстой төстэйгээр инженер геологийн процессуудыг судлахдаа тэдгээрийн үүсэх шалтгаан, хугацаагаар өөрчлөгдөх байдал, тоон чанарын үнэлгээнд анхаарахаас гадна тэдгээрийн барилга, байгууламжид үзүүлэх аюултай нөлөөллийг арилгах арга хэмжээг сонгох, барилга, байгууламжийн хэвийн ажиллагааг хангах асуудалд их анхаарах ёстой.

Бүс нутгийн инженер геологи: Тусгайлсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнэх үндсэн дээр тодорхой бүс нутгийн инженер геологийн нөхцлийг судалдаг салбар юм. Аливаа бүс нутгийн геологийн нөхцлийг иж бүрнээр нь судалснаар тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга барих, инженерийн ажил гүйцэтгэх, инженер хайгуулын судалгаа явуулах, норм, дүрэм, техникийн болон аргачилсан заавар боловсруулах, тухайн талбайд барилга барих төслийн үндэслэлд зориулсан илүү нарийвчлалтай инженер хайгуулын ажлыг төлөвлөх явдал юм.

Тухайлсан ажлын инженер геологи: Иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж газар доорхи болон дээрхи барилга, байгууламжийн ашиглалтын геологийн нөхцлийг судлахад оршино.

 

No comments:

Post a Comment