Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Tuesday, January 16, 2024

Мөстлөгийн геологийн үйл ажиллагаа гэж юу вэ? Цэвдгийн үзэгдэл үйл явцуудад юу байдаг вэ?

 Манай монгол оронд хамгийн сүүлийн мөстлөг 15000-12000 жилийн өмнө болж өнгөрсөн...

Агаарын тунадас багатай нутагт жилийн дундаж температур нь тогтмол 0 хэмээс бага бол орсон цас нь хадгалагдан бусад хүчин зүйлийн нөлөөгөөр мөс болж хувирна. Хайлалгүй хадгалагдсан цасан бүрхүүлийн доод хилийг цасны цаг уурын шугам буюу цасны хил гэдэг. Энэ хилийн орших өнөдөр нь цаг уурын нөхцлөөс шалтгаалах ба туйл орчимд хамгийн доор далайн түвшинтэй бараг давхцдаг байна. Экваторт хамгийн өндөр буюу 5000-6000 м хүрнэ. Газрын гадаргаас дээш 100 м тутамт агаарын температур 0,5-0,6 хэмээр буурч, усны уурын агуулагдах хэмжээ багассанаар цас үүсэх нөхцөл бүрэлдэж чадахаа болих тэр өндрийг цасны дээд хил гэнэ. Дээд, доод хилийн хоорондох атмосферийн бүрхүүлийг хионесфер гэж нэрлэдэг.

Зуны  нарны илчээр хайлсан цасны дээд хэсэг шөнөдөө хөлдөж ширхэг нь нягтрах ба хайлсан ус нэвтэрч цасаа хайлуулах зэрэг нийлмэл процессуудын үр дүнд нягтарсаар фирн болж хувирна. Мөн хатуу төлвөөс уурших сублимацийн процессоор цас хувирна. Дээрхи процессууд давтагдан, цас нэмж орсоор фирн улам нягтарч цэвэр тунгалаг глетчерийн мөс үүсгэдэг. Энэ нь мөстлөгийн биеийн гол хэсэг юм. 10-11 м2 цаснаас 1м3 глетчерийн мөс үүсэх маш налархай уусамтгай шинж чанартай байдаг. Мөстлөгийн уулын, тивийн гэж хоёр ангилна. Уулын мөстлөг олон төрөлтэй байдаг.

Мөсний хөдөлгөөн

Их даралтан доор орших глетчерийн мөс доод хэсэгтээ налархай болж налуу даган урсаж хөдөлдөг. Хөндийн мөстлөгийн урсах хөдөлгөөнөөр уулын хажуу, хөндийг даган урсах мөс мөсөн голыг үүсгэнэ. Мөсөн голын урсгалын хурд нь гол бүрд төдийгүй нэг голын хэсэг бүрд өөр өөр байна. Альпийн нурууны мөсөн гол хоногт 0,1-0,4м Памир, Гималайд 2-4м, Гренландад 20-30м байна. Мөс урсан гулсахдаа газрын гадаргыг ухаж эвдэнэ. Хөндийн мөстлөгийн эх фирнийн савад байсан жижиг хонхор цас хуралдан, үүн дээр хүйтний өгөршил, механик өгөршлүүд хүчтэй явагадаж томорсоор 3 талаараа бараг эгц ханаар хүрээлэгдсэн кар болж хувирна.

Караас хэмжээгээрээ асар томыг нь цирк гэнэ. Циркээс түрэгдэн гарах мөсөн гол уулын хөндийг даган урсахдаа хөндийн ёроолыг тэлж тэвш хэлбэртэй болгоно. Мөсөн голын хөндийг трог гэх ба дээд хажуу нь налуу задгай, мөсөөр ухагдсан ёроолын эрэг нь эгц байна. Урсаж буй мөсний замд тохиолдох хад чулуу өнгөлөгдөн, ухагдаж зурагдах ба урсгалын эсрэг хөндлөн тал нь налуу байна. Ийм хад чулууг хонин дух, буржгар хад ч гэдэг. Мөсөн голын биетэй урсаж яваа чулуулгийн хэмхдэсүүдийг хөдөлгөөнтэй морен, мөстлөг хайлж ухрахад мөсөн голын хөндийд тунаж хуримтлагдсаныг хөдөлгөөнгүй морен гэнэ. Уулын хажуугаас зөөгдөн мөсөн голын бие дээр тогтсоныг гадаргын морен, мөсөн голын 2 хажуугаар цугларсныг хажуугийн морен гэх ба 2 буюу хэд хэдэн мөсөн голын хажуугийн морен нийлж завсрын морен үүсгэнэ.

Фирний сав, мөсөн гол дотор орж урсах хэмхдэсүүд дотоодын морен, хөндийн ёроолын сул хурдас, мөс ёроолоо эвдлэхэд үүссэн хэмхдэсүүд ёроолын морен, голын адагт зөөгдөн хуримтлагдсан хурдсууд эцсийн моренийг тус тус үүсгэдэг байна.

Цэвдгийн үзэгдэл үйл явцууд

Олон жилийн бөөрөг: Гол, нуурын сав газрын нам татам, татмын дээрхи 1-р дэнжид голдуу тохиолддог. 1-20м хүртэл өндөр, 2-100м хүртэл урт, 1-2м ээс 30-40м хүртэл өргөнтэй гүдгэр хэлбэрийн геоморфологийн бичил элементийг үүсгэдэг. Мөсөн зоориноос бусад барилга, байгууламжийг олон жилийн бөөрөгт барихыг хориглох бөгөөд харин зам, гүүр, цахилгаан, холбооны шугам зэрэг олон арван км үргэлжлэх шугаман байгууламжийн хайгуулын үед судалгааг хийдэг. Олон жилийн бөөргийн хэлбэр дүрс зөв байвал хөгжлийн идэвхитэй үедээ байгаа, орой хажуу нь хотойсон, мөн жижиг нуур, ус тогтсон байвал хөгжлийнхээ төгсгөл үед орж байгаа гэж үзнэ. Энэ бүгдийг үндэслэн тухайн бөөрөг барилга байгууламжид ямар нөлөө үзүүлэх талаар чанарын үнэлгээ өгнө.

Улирлын бөөрөг: хөрс хөлдөхөд овойлт үүсдэг нэг хэлбэр бөгөөд чийгээр харилцан адилгүй хөрснүүд хөлдөхөд гадаргад овон товон үүссэнээр бий болно. Олон жилийн бөөргөөс хэмжээгээрээ бага бөгөөд өвөлдөө эрчимжиж, зундаа зогсонго байдалд ордог улирлын чанартай үзэгдэл юм. Өвөл 1-2 сард хамгийн их идэвхижиж, зун 7-8 сард зогсонги байдалд орно. Судалгааны үед улирлын бөөргийн хэлбэр хэмжээ, тархсан талбайг тогтоож бөөргийн сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ өгнө.

Халиа:  улирлын чанартай цэвдэгт үзэгдлийн хамгийн их тархсан хэлбэр бөгөөд манай орны хувьд голын, булгийн гаралтай хөрсний усны халиа зонхилж, хааяа нийлмэл гарлын халиа тохиолдоно. Халиаг өвлийн улиралд хээрийн нөхцөлд судлах нь илүү тохиромжтой. Судалгаагаар халианы эх булаг, хэлбэр хэмжээ, мөсний зузаан, тошин гүйж хөлдөх чиглэл зэргийг хэмжинэ.

Хүйтний хагарал: хүйтний улиралд хөрсний гадаргын болон гүний температурын ялгавараар үүссэн хүчдлийн улмаас үүсдэг үзэгдэл юм. Хүйтний хагаралаар олон тооны систем хагарлуудын бөөгнөрөл тодорхой хэлбэртэй олон өнцөгт үүсгэн тогтоно. Энэ процессоор гадаргуугийн өнгөн хэсгээр ан цавын шаантаг хэлбэрийн мөс их хэмжээгээр үүсэх нөхцөл бүрддэг тул тусгайлан судална. Хүйтний хагарлыг газар дээр нь судлахдаа түүний өргөн, гүн, хагарлуудын үүсгэсэн системийн хэлбэр дүрс, хүйтний хагарал идэвхижиж эхлэх, аних хугацааг тус тус тогтооно. Хүйтний хагарал барилга байгууламжийн сууринд нөлөөлөх эсэхийг судлана.

Термокарст: энэ үзэгдэл голдуу гол, нуурын татамд төвлөрсөн байдаг. Термокарст бол их мөсжилттэй хөрс буюу газрын доорхи мөс хайлж гэссэний улмаас үүссэн хотгор хотсууд юм. Термокарст нь хотгортоо голдуу нууртай байдаг. Термокарстын хотгор хотос, нуурын хэлбэр дүрс, хэмжээгээр нь хурдасны мөсжилт, хайлсан мөсний гарал үүслийн талаар урьдчилсан дүгнэлт өгнө. Судалгааны талбайд Термокарстын илрэл байгаа эсэхэд ажиглалт хийж тийм илэрэл байвал тухайн талбайд газрын доорхи мөс байгаа эсэхийг нягталж үзнэ.

Солифлюкци: энэ үзэгдэл 2-30 аас их налуутай хажууд, өндөр чийгтэй элсэнцэр-шавранцар зэрэг дисперслэг ул хөрс хөлдүү улан дээгүүр гулсах явцад үүсдэг. Чийгийн дутагдалтай манай орны хувьд Солифлюкцийн эрч, далайц нь харьцангуй бага байдаг бөгөөд голдуу уулын хажуу бэл дагаж гардаг зам гүүрийн ажилд энэ үзэгдэлийг анхаарч судлах шаардлагатай. Солифлюкцийн дэнжид голдуу шурф малтаж судалгааг явуулна.

 

 

No comments:

Post a Comment