Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Tuesday, March 19, 2013

БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ТАЙЛАН ДҮГНЭЛТ БИЧИХ ЗААВАР

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
    1.1 Зорилго
Барилгын инженер-геологийн судалгааны ажлын тайлан дүгнэлт (Цаашид “Инженер-геологийн тайлан дүгнэлт” гэнэ) бичих энэхүү дүрмийн зорилго нь Инженер-геологийн тайлан дүгнэлтийг Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл БНбД,  Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх БНбД, Монгол Улсын болон олон улсын стандартчлалын шаардлага зарчимд нийцүүлэх, тайлан дүгнэлтийн бүрдэл, утга агуулга, эмх цэгцийг нэг мөр болгох нийтлэг үндсэн шаардлагыг тогтооно.  
    1.2 Хэрэглэх хүрээ
 Инженер-геологийн тайлан дүгнэлт бичих дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр захиалагч, хөрөнгө оруулагч болон өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын норм дүрмийн дагуу инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэж байгаа бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс мөрдөх баримт бичиг болно.
    1.3 Ишлэл.
    Энэхүү дүрмийг боловсруулахад дараахь баримт бичгийг үндэс болгон ашигласан. Үүнд:
БНбД 10-01-99. Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Үндсэн журам.
БНбД 11-07-04. Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл.
БНбД 11-03-01. Барилгын инженер-геологийн ажил.
MNS 1-3:2000. Стандартын бүтэц бичлэг.
ГОСТ 21.302-96. Межгосударственный стандарт. Система проектной документации для строительства. Условные графические обозначения в документации по инженерно-геологическим изысканиям.  
БСТ 00-01-88. Инженер-геологийн судалгааны тайлан дүгнэлт боловсруулах журам. 


1.4  Тайлан дүгнэлтийн үндсэн шаардлага
1) Тайлан дүгнэлтийн гарчиг, агуулга нь стандарт, норм дүрмийн дагуу дэс дараалалтай, тайлан дүгнэлтийн үг хэллэг, хэл зүйн найрлага нь товч тодорхой, хоёрдмол санаагүй, асуудлыг бүрэн хамарсан,  дүгнэлт зөвлөмж нь  шинжлэх ухааны болон судалгааны  тодорхой үндэслэлтэй, техник, технологийн хөгжлийн ирээдүйн чиглэлийг тусгасан, зураг төслийн тооцооны үзүүлэлтүүд нь өөрийн улсын болон олон улсын  норм дүрмийн шаардлага, үндэслэлийг бүрэн хангасан, зураг зүсэлт, хүснэгт график нь стандартын таних тэмдэг, тэмдэглэгээний дагуу хийгдсэн байвал зохино.

2)    Инженер-геологийн тайлан дүгнэлтийн  бүрдэл,  агуулга нь тухайн ажлын үе шат, зориулалт, инженер-геологийн нөхцлөөс хамаарч өөр өөр байж болох боловч байгууллага, нэгж бүр энэхүү дүрэмд заасан шаардлагыг хангасан нэгдсэн стандарт, заавар журмыг мөрдөнө.
           3) Захиалагчийн техникийн даалгавар болон олон улсын стандартын дагуу энэ дүрэмд нийцүүлэн инженер-геологийн илүү оновчтой мэдээлэл, өгөгдлүүдийг гарган өгч болно.

4) Тайлан дүгнэлт тухайн судалгааны ажил гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгжийн таних тэмдэг (Лого), нэр бүхий нүүр хуудастай байна. А4 хэмжээний нүүр хуудасны ерөнхий загварыг “А” хавсралтаар үзүүлэв. Хэрэв А4-өөс өөр хэмжээний нүүр хуудас хэрэглэх тохиолдолд дээрхи хэмжээг ихэсгэж багасгаж болно.

5) Гарчиг нь үндсэн ба туслах бүлэг, бичмэл хавсралт, хүснэгт, график хавсралт, зурган хавсралт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Гарчигт үндсэн туслах бүлгүүд, хавсралт материалуудын нэрийг дарааллын дагуу бичиж хуудасны дугаарыг ард нь нэг мөрөнд бичнэ. Гарчгийг тусгай хуудас эзлүүлж нүүр хуудасны дараа хавсаргана. Гарчгийн ерөнхий загварыг хавсралт “Б”-д үзүүлэв.

6) Үндсэн бүлгийн нэрийг нийтэд нь том үсгээр, туслах бүлгийн нэрний зөвхөн эхний үсгийг томоор бичнэ. Үндсэн  бүлгийн  нэрийг  стандартын  цаасыг   голлуулан  байрлуулж бичих ба туслах бүлгийн нэрийг үндсэн бүлгийн нэрний дор 2 сантиметрийн хэмжээтэй зайнд догол мөр хэлбэртэй бичиж ард нь 2 тодотгох цэг тавина.   

7) Тайлан дүгнэлтийн хуудас бүрийг дугаарлах ба дугаарыг хуудасны доод талд голд болон ба зүүн доод өнцөгт бичнэ. Хуудасны дээр, доор компанийн нэр, судалгааны ажлын нэрийг компани бүр өөрийн онцлогийг харуулан бичиж болно. Хуудасны бичлэгийн зай хэмжээний норм ба ерөнхий загварыг хавсралтаар үзүүлэв. Хавсралт “В” 

8)    Хавсралт зураг бүр булангийн штамптай байна. Булангийн штампийн ерөнхий загварыг Хавсралтаар үзүүлэв. Хавсралт “Г”. Тухайн компани өөрийн онцлогийг харуулах зорилгоор булангийн штампийн ерөнхий загварын бүрдэл, утгыг алдагдуулахгүйгээр өөрчлөлт оруулж болно.

9)    Хүснэгт, график бүрийн доор боловсруулсан, зурсан хүний нэр гарын үсэгтэй, туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн бол тухайн туслан гүйцэтгэгчийн эрх бүхий хүн хянаж баталсан гарын үсэг тамга тэмдэгтэй  байна.

10) Тайлан дүгнэлт бичих энэхүү зааварт (дүрэмд) тусгагдсан өөрийн улс, байгууллагын дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөхөөс гадна. Олон улсын стандарт, заавар журмыг захиалагчийн даалгавар захиалгын дагуу хэрэглэх нь нээлттэй байна. 


Хоёр. ТӨСЛИЙН ҮЕ ШАТНЫ ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН
ТАЙЛАН ДҮГНЭЛТ БИЧИХ

 2.1 Төслийн үе шатны инженер-геологийн ажилд бүс нутгийн хөгжлийн төсөл, хот, тосгон, сум суурин, үйлдвэр орон сууцны цогцолбор газрын байршил болон шугаман барилга байгуламжийн чиглэл шинээр сонгох, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулан явуулдаг төрөл бүрийн масштабын зураглал судалгааны ажил хамрагдана.

2.2 Төслийн үе шатны тайлан дүгнэлт дараахь ерөнхий бүтэцтэй байна.
-    Нүүр хуудас
-    Гарчиг
-    Ерөнхий хэсэг
-    Инженер-геологийн нөхцлийн судлагдсан байдал
-    Физик газар зүйн нөхцөл
-    Геологийн тогтоц
-    Геоморфологийн хэв шинж
-    Геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явц
-    Гидрогеологийн нөхцөл
-    Хөрс чулуулгийн тогтоц инженер-геологийн ангилал
-    Хөрс чулуулгийн физик-механик шинж чанар
-    Инженер-геологийн нөхцөл, мужлалын зураг, үнэлгээний болон бусад туслах зургуудын тайлбар бичиг, үнэлэлт дүгнэлт
-    Инженер-геологийн нөхцлийн тодорхойлолт, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж  (товчоор “Товч дүгнэлт, зөвлөмж” гэж бичиж болно.)
-    Ашигласан материал, ном зохиолын жагсаалт. Товчоор “Ишлэл” гэж бичиж болно.
-    Өрөмдлөг, малталтуудын бичлэг, каталоги
-    Бичмэл хавсралтууд.
-    Зургийн хавсралтууд

2.3 Дээрхи ерөнхий бүтцийн дотор тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд онцгой шинж чанартай хөрс, чулуулаг болон инженер-геологийн онцгой нөхцөлтэй бол бүлэг нэмж оруулж болно. Тухайлбал цэвдэг хөрстэй, суулттай хөөлттэй хөрс, их хэмжээний намагшилт гэх мэт онцгой нөхцлийн талаар тусгайлан бүлэг нэмж оруулж өгнө.


2.4 Нүүр хуудас

Нүүр хуудсанд тухайн аж ахуйн нэгж, компанийн таних тэмдэг (Лого), нэр, тусгай зөвшөөрлийн индекс код, тайлан дүгнэлтийн улсын болон байгууллагын архивын дугаар, судалгааны ажлын бүтэн нэр, тайлан дүгнэлтийг баталсан эрх бүхий хүний нэр, гарын үсэг, баталсан тамга тэмдгийн дардас, судалгааны ажлыг хариуцан гүйцэтгэсэн буюу тайлан дүгнэлт бичсэн мэргэжилтний зэрэг дэв, албан тушаал, нэр, гарын үсэг, тайлан дүгнэлт бичсэн засаг захиргааны байршил, оныг тус тус товч тодорхой бичсэн байна.   

2.5  ГАРЧИГ

1) Тайлан, дүгнэлтийн гарчиг Дүрмийн I бүлгийн 1.4-5; 1.4-6-т заасан үндсэн шаардлагууд ба II бүлгийн 2.2-т заасан төслийн үе шатны тайлан дүгнэлтийн ерөнхий бүтцийн үндсэн заалтыг баримтлана. Үндсэн бүлгийг том үсгээр бичнэ. Ажлын шаардлагаар бүлгүүдийг нэгтгэх, шинээр бүлэг гарчиг нэмж оруулахыг зөвшөөрнө. Үндсэн бүлгийг араб тоогоор дугаарлана. Ерөнхий хэсэг, товч дүгнэлтийг үндсэн бүлэгт хамааруулна.

2) Тайлан, дүгнэлтийн ерөнхий хэсэг, товч дүгнэлтээс бусад үндсэн бүлгүүдийг түүний зорилго, агуулгаас хамааруулан хэд хэдэн туслах бүлэгтэй бичиж болно. Туслах бүлгийн сэдвийн дугаарыг үндсэн бүлгийн дугаарын хойноос цэгээр тусгаарлагдсан /1.1 гэх мэт/ тоогоор дугаарлана. Зөвхөн эхний үсгийг томоор бичнэ.

Жишээ нь:
II. “ФИЗИК ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ” үндсэн бүлгийг
2.1 Байршил:
2.2 Уул зүй:
2.3 Ус зүй:
2.4 Уур амьсгал:

III. “ГЕОЛОГИЙН ТОГТОЦ”  үндсэн бүлгийг
3.1 Дөрөвдөгч галавын өмнөх үеийн геологийн хөгжлийн түүх:
3.2 Неоген ба дөрөвдөгчийн үеийн геологийн хөгжлийн түүх: г.м
 туслах бүлгүүдтэй бичиж болно.

2.6 ЕРӨНХИЙ ХЭСЭГ.  Ерөнхий хэсэгт инженер – геологийн ажил хийсэн  үндэслэл, зорилго, судалгаа явуулсан нутаг дэвсгэр, талбай, зурвас, барилга байгууламжийн байршил, гүйцэтгэсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, хугацаа, зураглал судалгааны  ажил гүйцэтгэсэн арга аргачлал, мэргэжлийн бүрэлдэхүүн,  төсөл хөтөлбөрийн биелэлт, өөрчлөлт түүний шалтгаан зэргийг тусгана. 

2.7 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ.
    Инженер-геологийн нөхцлийн судлагдсан байдал бүлэгт тухайн нутаг дэвсгэр, зурвас болон барилга байгууламжийн талбайн хэмжээнд урьд өмнө геологи, гидрогеологи, инженер-геологи, геотехникийн зориулалтаар хийгдсэн судалгааны ажлын нэр төрөл, хамарсан хүрээ, гүйцэтгэсэн байгууллагын нэр, ажил гүйцэтгэсэн хугацаа, судалгааны арга аргачлал, түвшин, гарсан үр дүн үүнээс тухайн судалгаанд ашигласан мэдээлэл, чанарын болон тоон үзүүлэлтүүд, өмнөх судалгааны материалаас тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл байдалд хийсэн үнэлэлтийг тус тус тусгана.

2.8  ФИЗИК ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ.
Энэ бүлэг нь Газар зүйн байршил, Уул зүй, Ус зүй, Уур амьсгал гэсэн дэд бүлэг ба хэсгүүдтэй байж болох бөгөөд эдгээр хүчин зүйлийг тухайн судалгааны ажлын хамрах хүрээ, нөхцөл байдал, зураг төслийн болон инженер-геологийн судалгааны зориулалт, үе шатуудаас хамаарч сонгож тогтооно.
1) Газар зүйн байршлын хэсэгт нутаг давсгэр, талбай, зурвасын засаг захиргаа, физик газар зүйн байршил, хамрагдах мужийг тодорхойлж бичнэ.
2) Уул зүйн хэсэгт тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын уул зүйн нөхцөл байдал буюу инженер-геологийн нөхцөлд нөлөөлөх хүчин зүйлийн (Уруй, гулсалт, нуранги, газар хөдлөлт, гүний хагарал гэх мэт ) онцлогийг тусгана.
3) Ус зүйн хэсэгт гадаргын болон гол мөрний усан сүлжээ, үер усны угаагдал, үерт автаж болох нөхцөл, үерийн болон гадаргын усны хуримтлалын талбай, урсацын замыг зурагт тэмдэглэж тайлан дүгнэлтэнд нөхцлийн талаар тайлбарлаж  бичиж өгнө. 
4) Уур амьсгалын хэсэгт инженер-геологи, нэн ялангуяа цэвдэгт тогтцод нөлөөлөх болон хот суурин, барилга байгууламжийн төлөвлөлтийн тооцоонд хэрэглэгдэх физик-цаг уурын бүсчлэл, мужлал, тоон өгөгдлүүдийг тусгаж өгнө.

   
2.9 ГЕОЛОГИЙН ТОГТОЦ.
Геологийн тогтоцын бүлэгт тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд тархсан хөрс чулуулгийн гарал үүсэл, давхрага зүй, тогтоцын хэв шинж, нэр төрөл, чулуулаг зүйн бүтэц, тогтоцыг инженер-геологийн зориулалтаар тодорхойлж өгнө. Геологийн тогтоцыг бичихдээ илэрсэн хөрс, чулуулгуудыг дээрээс нь доош нь залуугаас нь эртнийх рүү дарааллуулан бичиж өгнө.
Геологийн тогтоцын хэсэгт тектоник структур, гүний хагарлууд, түүний хэлбэр, байршлын нөхцөл, неотектоник хөдөлгөөн ба газар чичирхийллийг багтааж бичнэ.

2.10 ГЕОМОРФОЛОГИЙН ХЭВ ШИНЖ.
Судалгаанд хамрагдаж буй нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээнд болон түүний орчны газрын гадаргын хэлбэр, тогтоц, хэрчигдэл, тэгш налуугийн байдал, хүний инженерийн үйл ажиллагаанд өртсөн байдал, байгалийн төлөв байдал, тогтоцын өөрчлөлтийг тусгаж өгнө.

2.11 ГЕОЛОГИ, ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ҮЗЭГДЭЛ ҮЙЛ ЯВЦ.
Геологийн  болон  инженер – геологийн  үзэгдэл, үйл явц (хөндийлж, гулсалт, суулт, уруй, гол мөрөн, нуур болон усан сангийн эргийн идэгдэл, усанд авталт, газар хөдлөлийн идэвхжилт гэх мэт) байгаа эсэхийг тогтоож тэдгээрийн тархалт, илэрлийн хүрээ, нөлөөллийн гүн, үзэгдэл үйл явц бүрийн хэв шинж, хөгжлийн нөхцөл, онцлог, шалтгаан, хүчин зүйлүүдийг тодорхойлж түүнээс үүсэх аюул, эрсдэлд үнэлэлт дүгнэлт өгнө. Хэрэв тэдгээрт инженерийн хамгаалалтын байгууламжтай бол түүний ашиглалт ба ажиллагааны байдлын талаар мэдээлэл өгнө.  

2.12 ГИДРОГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ.
Төлөвлөж байгаа барилга байгууламжийн талбай болон суурьд нөлөөлөх гүний хэмжээнд гүний болон хөрсний устай эсэхийг тогтоох хэрэв устай бол түүний гүний байршил, гарал үүсэл, тэжээмж, түвшний хэлбэлзэл, горим, ус агуулагч хөрс чулуулгийн нэр төрөл, гарал үүсэл, ус агуулах, нэвчүүлэх, шүүрүүлэх, шинж чанарын гидрогеологийн тоон үзүүлэлтүүд болон усны химийн шинж чанарыг тодорхойлж, барилга байгууламж барих  болон ашиглалтын үеийн гидрогеологийн нөхцөл, горимд үнэлэлт дүгнэлт, зөвлөлмж өгнө.

2.13 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛ. (Тухайн онцгой нөхцлийн нэрийг бичнэ)
Онцгой шинж чанартай хөрс чулуулаг буюу инженер-геологийн нөхцөлд цэвдэгт тогтоц, цэвдэг хөрс чулуулаг, суулттай хөрс тархсан бүс нутаг талбай, суулттай хөрсний шинж чанар, хөөлттэй, хүлэржсэн, давслаг, байран гаралтай хөрс, асгамал хөрс тархсан нутаг дэвсгэр талбай, тэдгээрийн шинж чанар, төлөв байдал, нөхцөл, төрөл бүрийн хөндийлж, хажуугийн  үзэгдэл үйл явц, уруйн урсгал, усны идэгдэл, эвдрэл, усанд автах үзэгдэл үйл явц, газар хөдлөлтийг тусад нь бүлэг болгон тэдгээрийн онцгой нөхцөл,  талбайн болон гүний тархалт, байршил тогтоц, гарал үүслийн нөхцөл, физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдийг БНбД 11-07-04-ийн 3.17-3.39-д заасны дагуу тодорхойлно. 

2.14 ХӨРС ЧУЛУУЛГИЙН ТОГТОЦ ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АНГИЛАЛ
 Тухайн нутаг дэсгэр, талбай, зурваст тархах хөрс чулуулгийг барилгын норм дүрэм ба улсын стандартын дагуу нэр төрлөөр нь ангилж тэдгээрийн байршил, орон зайн тархалт, зүй тогтол, найрлага бүтэц бүрэлдэхүүний онцлог шинж чанарыг тусгаж өгнө.

Төлөвлөж буй барилга байгууламжийн талбай, зурваст тархах хөрс чулуулгийг барилгын норм дүрэм ба улсын стандартын дагуу нас, гарал үүсэл, нэр төрлөөр нь ангилж тэдгээрийн гүний байршил, тархалт зузаалгийг товч тодорхойлж хөрсний үе тус бүрийг физик шинж чанарын үзүүлэлтээр нь инженер-геологийн үе, элементэд ангилж зүсэлт зураг ба  зүсэлтийн баганаар зурж үзүүлнэ.

2.15 ХӨРС ЧУЛУУЛГИЙН ФИЗИК-МЕХАНИК ШИНЖ ЧАНАР.
    1) Хөрс чулуулгийн үе ба инженер-геологийн элемент тус бүрийн физик шинж чанарын үзүүлэлтийг лабораторийн шинжилгээний үр дүнгээр ердийн арифметик дундаж болон статистик боловсруулалтаар нарийвчлан тогтооно. Боловсруулалтыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, стандартын дагуу хийнэ. Статистик боловсруулалтаар статистик дундаж болон тооцооны нарийвчилсан үзүүлэлтүүдийг төлөвлөж буй барилгын ангиллаас хамааруулан БНбД 11-03-01-ийн 6.21-21-6.23-ын заалтын дагуу  тогтооно.

2) Хөрс чулуулгийн механик шинж чанар буюу барилгын зураг төсөл төлөвлөлтийн тооцооны үзүүлэлтүүдийг талбайн болон лабораторийн туршилтын үр дүн, физик шинж чанарын үзүүлэлтийг үндэслэн барилгын нормативаар тус тус тогтооно. Механик шинж чанарын үзүүлэлтийг барилгын ангилал, хүчин чадал, онцгой нөхлийг харгалзан барилгын нормд заасан арга, аргачлалаар тогтооно.

2.16 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ЗУРГИЙН ТАЙЛБАР БИЧИГ.
(Үүнд: Инженер-геологийн нөхцөл, мужлалын зураг, үнэлгээний болон бусад туслах зургуудын тайлбар бичиг, үнэлэлт дүгнэлт хамрагдана.)
         Инженер-геологийн нөхцөл ба мужлалын ангилал, зэрэглэлийг тухайн зураглал судалгааны ажлын зорилго, нутаг дэвсгэр талбайн инженер-геологийн нөхцөл зураг төслийн үе шат, зургийн масштаб зэрэгтэй нь уялдуулан улс, байгууллагын стандарт, заавар журмаар тодорхойлно.
         Зураглал судалгааны ажлын зураг болон түүний тайлбар бичигт инженер-геологийн нөхцөл ба хүчин зүйлүүдийг зураглан үзүүлж барилга хот байгуулалтанд хүндрэлтэй болон тохиромжтой хэсгийг ангилах, үнэлэх, зэрэглэл тогтоох, сөрөг нөлөөллөөс хамгаалах ба түүнийг зохистой ашиглах төлөвлөлтийн тоон болон чанарын үзүүлэлтийг тогтоож, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгнө.

2.17 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН НӨХЦЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ.  (товчоор “ТОВЧ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ” гэж бичиж болно.)
           - Инженер -геологийн нөхцлийн тодорхойлолт, үнэлэлт дүгнэлтэнд  дараахь зүйлүүд тусгагдсан байна. Үүнд:
- Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцлийг  тодорхойлсон хүчин зүйлүүдийн үндэслэл;
-    Инженер-геологийн  нөхцлийн төвөгшлийн зэрэглэл, мужлал болон бусад ангилал хийсэн үндэслэл;
-    Зураг төслийн төлөвлөлтийн тооцооны болон норматив өгөгдлүүдийг тогтоосон үндэслэл, түүнд холбогдох норматив баримт бичгүүд;
-    Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хүрээнд хот суурин, барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах явцад нөлөөлөх геологи, инженер-геологийн хүчин зүйлүүдийн чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тодорхойлж цаашдын хувиралт өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаарх үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмж;
-    Төрөл бүрийн масштабын зураг зохиосон үндэслэл болон аргачлал, зургийн зориулалт, үр дүн, ач холбогдол, ашиглах боломжийн талаарх тайлбар бичиг;
-    Дараачийн  үе  шатны  судалгааны  ажлын  хөтөлбөр боловсруулах болон судалгааны ажил гүйцэтгэх арга аргачлалыг сонгох ажлын нэр төрөл тоо хэмжээ тогтоох үндэслэл, зөвлөмж;
- Захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн бусад нэмэлт ажлуудын талаарх мэдээлэл, үр дүн, тайлбар зэргийг тус тус тусгана.

2.18 АШИГЛАСАН МАТЕРИАЛ буюу  “ИШЛЭЛ”
- Судалгааны ажил гүйцэтгэх, тайлан дүгнэлт боловсруулах, бичихэд ашигласан норматив баримт бичиг, стандарт, өмнөх судалгааны тайлан дүгнэлт, ном хэвлэл болон бусад материалын жагсаалтыг тайлан дүгнэлтэнд ашигласан  дарааллаар нь  бичиж  хавсаргана.
- Норматив баримт бичиг, стандартын код, индексийг эхлэн бичиж ард нь   бүтэн нэрийг бичнэ. Тайлан дүгнэлтийн бүтэн нэр, бичсэн он, Архивын дугаарыг, ном хэвлэлийн зохиогчийн нэр, ном хэвлэлийн бүтэн нэр, хэвлэсэн он гэсэн дарааллаар бичнэ. Тайлан дүгнэлт, ном хэвлэлээс ашигласан материалыг тодруулах зориулалтаар ашигласан хуудасны дугаарыг бичиж болно.  Ашигласан материалын ерөнхий загварыг хавсралт “Д”-д үзүүлэв. 


2.19 ӨРӨМДЛӨГ, МАЛТАЛТЫН БИЧИГЛЭЛ БА КАТАЛОГИ.

1) Өрөмдлөг, малталтын каталоги:
Инженер-геологийн судалгааны ажлын өрөмдсөн цооног, малталтуудын тоо 10-аас дээш байвал тэдгээрт Хавсралт “Е“ загварын дагуу каталоги хийж хавсаргана.

2) Өрөмдлөг, малталтуудын бичлэг:
- Инженер-геологийн судалгааны өрөмдлөг, малталтуудын бичлэгийг түүний каталогийн дагуу, цөөхөн малталттай тохиолдолд дугаарын дагуу бичиж хавсаргана. Энэ бичлэгт цооног, малталтын нэрний товчилсон тэмдэглэгээ, дугаар, /өмнөх судалгааны материал ашигласан тохиолдолд цооног, малталтын дугаарын ард ашиглсан тайлан, дүгнэлтийн архивын дугаарыг хаалтанд бичнэ/ цооног, малталтын гүн, цооногийн диаметр, малталтын хөндлөн огтлол, цооног малталтын амсрын үнэмлэхүй өндөр, өрөмдөж малтсан хугацаа, хөрсний нэр төрөл, гарал үүсэл, өнгө, төлөв байдал, чийгшилт, нягтшилт, хэмхдэс материалын агуулга, мөлгөржилт, хөрсний ус, онцгой шинж чанартай хөрсний үеийн дээд, доод хил, нийт зузааныг тусгана. Цооног, малталтын бичлэгийг Хавсралт “Ж“ загвараар үзүүлэв.
- Цооног, малталтын бичиглэлийг дээрхи загвараас гадна зүсэлтийн багана хэлбэрээр үзүүлж болох бөгөөд зүсэлтийн баганыг тухайн судалгааны ажлын техникийн даалгавар, захиалагчийн стандарт шаардлагын дагуу хийнэ. Цооног малталтын зүсэлтийн баганын бичиглэлийн ерөнхий загварыг Хавсралт “Е“ -аар үзүүлэв. 


2.20  ХАВСРАЛТУУД.
Бичмэл ба зурган хавсралтыг үндсэн бүлэгт тусгагдсан дарааллаар нь дугаарлаж хавсаргана. Хавсралтууд нь тайлангийн үргэлжлэл байдлаар шинэ хуудаснаас эхлэх ба түүний баруун дээд өнцөгт “Хавсралт” гэж бичээд дугаарыг заана. Дугаарыг .   .   тэмдэглэнэ.  Хавсралт бүр агуулгаа илэрхийлсэн нэртэй байх ба нэг хавсралт хэд хэдэн хуудас дээр үргэлжлэн хийгдвэл “дугаар хавсралтын үргэлжлэл” гэж бичнэ.

1)  Бичмэл хавсралтууд:
- Захиалагчийн инженер-геологийн судалгааны хийлгэх тухай  ажлын болон техникийн даалгавар. Хавсралт “3 “ загварын дагуу.
-   “Инженер-геологийн зураглал судалгааны ажлын төсөл, хөтөлбөр.
-  Өрөмдлөг малталт болон төрөл бүрийн туршилт явуулсан цэгийн каталоги. Каталогийн ерөнхий загварыг Хавсралт  “Е “
-  Өрөмдлөг малталтын бичиглэл. Хавсралт “Ж“
- Лабораторийн шинжилгээний үр дүнгийн хүснэгт, боловсруулалтын үзүүлэлтүүд. 
- Хөрсний механик шинж чанарыг лабораторид тодорхойлсон туршилтын үр дүнгийн боловсруулатын хүснэгт, график.
-  Талбайн хээрийн туршилтын ажлын үр дүнгийн боловсруулалтын хүснэгт график.  
- Усны химийн шинжилгээний  үр дүнгийн боловсруулалтын хүснэгт.
- Геофизикийн хэмжилт судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтын график хүснэгт. 
- Хөрс чулуулгийн эрдсийн болон чулуулаг зүйн шинжилгээний үр дүнгийн боловсруулалтын хүснэгт график. 

    2) Зураг хавсралтууд:
          - Инженер-геологийн судалгаа явуулсан нутаг дэвсгэр, зурвас, барилга байгууламжийн талбайн хил хязгаар, одоо байгаа барилга байгууламж, геодезийн цэг тэмдэгт болон инженер-геологийн судалгааны цооног, малталт, ажиглалт, хэмжилт туршилтын цэг тэмдэгтийн байршлыг үзүүлсэн дэвсгэр (геодезийн байр зүйн) зураг.
         - Инженер-геологийн зураглал судалгааны ажилд инженер-геологийн нөхцөл, мужлал, үнэлгээний болон геологи, гидрогеологи, геоморфологи, инженер-геологийн үзэгдэл үйл явц болон цэвдгийн гэх мэт бусад туслах зургууд.
-  Гидрогеологи, инженер-гидрогеологийн зориулалтаар явуулсан нөхцөлд Гидрогеологи, инженер-гидрогеологи, гидроизогипс болон бусад холбогдох зургууд. Дээр дурьдсан зургуудаас тухайн судалгааны шатанд алиныг нь зохиохыг “Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх дүрэм”-д заасны дагуу ажлын хөтөлбөрөөр тодорхойлно.
      -  Инженер-геологи, гидрогеологийн зүсэлт, зүсэлтийн багана, цооногийн хийц.
      -  Инженер-геологийн өрөмдлөг, малталт болон бусад ажиглалт, хэмжилт туршилтын бичиглэл, тэмдэглэл, каталоги, солбилцол, хүснэгт маягтууд.
      - Хээрийн болон лабораторийн туршилт, шинжилгээ, ажиглалт хэмжилтийн үр дүнгийн анхан шатны болон боловсруулалтын хүснэгт, график зургууд.
      -  Инженер-геологийн судалгааны техникийн тайлан дүгнэлтийн бүх зураг, зүсэлт, хүснэгт, маягт, график нь улсын болон байгууллагын батлагдсан стандартын дагуу хийгдсэн байна.
- Инженер-геологийн зураг болон зүсэлтийн хуудас бүрт штамп хийж, гүйцэтгэгч шалгагчийн гарын үсэг заавал зурсан байна. Штампийн ерөнхий загварыг  Хавсралт “Г “-д  үзүүлэв.


 Гурав. АЖЛЫН ЗУРГИЙН ҮЕ ШАТНЫ ТАЙЛАН ДҮГНЭЛТ БИЧИХ

 3.1 Ажлын зургийн үе шатны инженер-геологийн ажилд инженерийн хийцтэй шинээр барих болон өргөтгөл, шинэчлэл хийх бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хагарч хэв гажсан барилга байгууламжийн нөхцөл шалтгааныг тогтоох техникийн магадлал хийх дүгнэлт гаргахад зориулсан инженер-геологи, геотехникийн судалгааны  ажил хамрагдана.

3.2 Ажлын үе шатны тайлан дүгнэлт дараахь ерөнхий бүтэцтэй байна.
-    Нүүр хуудас
-    Гарчиг
-    Ерөнхий хэсэг
-    Физик газар зүйн нөхцөл
-    Геоморфологийн хэв шинж ба инженер-геологийн үзэгдэл үйл явц
-    Гидрогеологийн нөхцөл
-    Инженер-геологийн онцлог нөхцөл
-    Хөрс чулуулгийн тогтоц инженер-геологийн ангилал
-    Хөрс чулуулгийн физик-механик шинж чанар
-    Товч дүгнэлт, зөвлөмж
-    Ашигласан материал
-    Өрөмдлөг, малталтуудын бичлэг, каталоги
-    Бичмэл хавсралтууд.
-    Зургийн хавсралтууд

3.3 Дээрхи  ерөнхий бүтцийн дотор тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд онцгой шинж чанартай хөрс, чулуулаг болон инженер-геологийн  онцгой нөхцөлтэй бол бүлэг нэмж оруулж болно. Тухайлбал цэвдэг хөрстэй, суулттай хөөлттэй хөрс, их хэмжээний намагшилт гэх мэт онцгой нөхцлийн талаар тусгайлан бүлэг нэмж оруулж өгнө.

3.4 Нүүр хуудас

Нүүр хуудсанд энэхүү дүрмийн II бүлгийн 1.4-4; 2.4-р заалтын шаардлагууд буюу Хавсралт “А“  загварыг  нэгэн адил мөрдөнө.

3.5  ГАРЧИГ

1) Тайлан, дүгнэлтийн гарчиг Дүрмийн III бүлгийн 3.2-т заасан ажлын үе шатны тайлан дүгнэлтийн бүтцийг баримтлана. Дээрхи бүлгүүдийг тайлангийн үндсэн бүлэг гэж нэрлэнэ Үндсэн бүлгийг том үсгээр бичнэ. Ажлын шаардлагаар бүлгүүдийг нэгтгэх, шинээр бүлэг гарчиг нэмж оруулахыг зөвшөөрнө. Үндсэн бүлгийг араб тоогоор болон эсвэл үгээр бичиж (I; Нэг гэх мэт) дугаарлана. Ерөнхий хэсэг , Товч дүгнэлтийг үндсэн бүлэгт хамааруулна.

2) Тайлан, дүгнэлтийн бүлгийн бүтэц, дугаарлалт, дугаарын тэмдэглэгээ, бичилт, хавсралтын бүрдэл нь энэхүү дүрмийн II бүлгийн 1.4-5; 2.5-р заалт ба хавсралт “Б”-г нэгэн адил мөрдөнө.  

3.6 ЕРӨНХИЙ ХЭСЭГ.  Ерөнхий  хэсэгт инженер – геологийн ажил хийсэн  үндэслэл, зорилго, судалгаа явуулсан талбай, зурвас, барилга байгууламжийн засаг захиргааны болон одоо байгаа барилга байгууламж, зам талбайтай холбосон зүг чиг, байршил, гүйцэтгэсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, хугацаа, судалгааны  ажил гүйцэтгэсэн арга аргачлал, мэргэжлийн бүрэлдэхүүнийг  тусгана. 

3.7 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ.
    Инженер-геологийн нөхцлийн судлагдсан байдал бүлэгт тухайн барилга байгууламжийн орчимд урьд өмнө инженер-геологи, гидрогеологи, геотехникийн зориулалтаар хийгдсэн судалгааны ажлын үр дүнгээс тухайн судалгааны ажилд холбогдолтой хэсгийг дурьдах, авч ашигласан үр дүн, мэдээллийн талаар тусгана.

3.8  ФИЗИК ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ.
Энэ бүлгийг тухайн талбай болон зурвасын хэмжээнд барилга байгууламжийн төлөвлөлтөнд физик газар зүйн нөхцөл байдал зайлшгүй нөлөөлөх онцлог нөхцөлтэй тухайлбал цэвдэг хөрстэй, салхины болон цасны ачааллыг нарийвчлан тооцох шаардлагатай, хөрсний усны болон физик-геологийн үзэгдэл үйл ажиллагаанд газар зүй, цаг уурын нөхцөл нөлөөлөх онцлогтой тохиолдолд бичнэ.

3.9 ГЕОМОРФОЛОГИЙН ХЭВ ШИНЖ ба ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ҮЗЭГДЭЛ ҮЙЛ ЯВЦ.
Судалгаанд хамрагдаж буй талбай, зурвасын хамрах хүрээнд болон түүний орчны газрын гадаргын хэлбэр, тогтоц, хэрчигдэл, тэгш налуугийн байдал, хүний инженерийн үйл ажиллагаанд өртсөн байдал, байгалийн төлөв байдал, тогтоцын өөрчлөлт, барилгын төлөвлөлтөнд анхаарвал зохих, ашиглалтын явцад нөлөөлөхүйц инженер-геологийн үзэгдэл үйл явц бүрийг барилга байгууламж бүрээр нарийвчлан тусгаж тэдгээрийн чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тогтоож, түүнээс үүсэх аюул, эрсдэлд үнэлэлт дүгнэлт өгнө. Инженерийн хамгаалалтын зөвлөмжийг тусгана.

3.10 ГИДРОГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ.
Гидрогеологийн нөхцөл хэсэгт гидрогеологийн тооцооны үзүүлэлтүүд болон усны химийн найрлага, зэврүүлэлт, идэмхий чанарыг ус агуулагч үе, давхарга тус бүр дээр тогтоож, барилга ашиглалтын үеийн гарч болох хөрсний усны горимын өөрчлөлт, усанд авталтаас хамгаалах арга зам, усны горимд ажиглалт хэмжилт хийх аргачлал зөвлөмжийг тусгаж өгнө.

3.11 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛ. (Тухайн онцгой нөхцлийн нэрийг бичнэ)
Энэ бүлгийг тухайн онцгой шинж чанартай хөрс чулуулаг буюу инженер-геологийн нөхцөлд нэмэлт бүлэг болгон бичнэ. Онцгой нөхцөл төлөв байдал, тэдгээрийн физик-механик шинжийн чанарын болон тооцооны үзүүлэлтүүдийг БНбД 11-07-04-ийн 3.17-3.39-д заасны дагуу тодорхойлно. 

3.12 ХӨРС ЧУЛУУЛГИЙН ТОГТОЦ ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АНГИЛАЛ.
Төлөвлөж барилга байгууламжийн талбай, зурваст тархах хөрс чулуулгийг барилгын норм дүрэм ба улсын стандартын дагуу нас, гарал үүсэл, нэр төрлөөр нь ангилж тэдгээрийн гүний байршил, тархалт зузаалгийг товч тодорхойлж хөрсний үе тус бүрийг физик шинж чанарын үзүүлэлтээр нь инженер-геологийн үе, элементэд ангилж зүсэлт зураг ба зүсэлтийн баганаар зурж үзүүлнэ. Ул хөрсний инженер-геологийн үе, элементийн зүсэлт ба зүсэлтийн баганын ерөнхий загварыг Хавсралт “  “-д үзүүлэв. 

3.13 ХӨРС ЧУЛУУЛГИЙН ФИЗИК-МЕХАНИК ШИНЖ ЧАНАР.

1) Хөрс чулуулгийн инженер-геологийн үе, элемент бүрийн физик-механик шинж чанарын ерөнхий болон онцлог зүй тогтол, түүний тархалт, хамрах хүрээ,  хувьсал өөрчлөлтийг нарийвчлан тусгаж өгнө.

2) Барилга байгууламж тус бүрд хөрс чулуулгийн инженер-геологийн үе ба элемент ангилаж, үе элемент тус бүрийн физик шинж чанарын норматив болон тооцооны өгөгдлүүдийг арифметик болон статистик боловсруулалтын үр дүнгээр  тогтооно.

3) Хөрс чулуулгийн механик шинж чанар буюу барилгын зураг төсөл төлөвлөлтийн тооцооны үзүүлэлтүүдийг талбайн болон лабораторийн туршилтын үр дүн,  физик шинж чанарын үзүүлэлтийг үндэслэн барилгын нормативаар тус тус тогтооно. Механик шинж чанарын үзүүлэлтийг барилгын ангилал, хүчин чадал, онцгой нөхцлийг харгалзан барилгын норм БНбД 11-03-01-ийн 6.21-21-6.23-ын  заасан арга, аргачлалаар тогтооно.

4) Төлөвлөж байгаа барилга байгууламжийн ашиглалтын явцад хөрс чулуулгийн физик  шинж чанар өөрчлөгдөж болох нөхцлүүдийг тодотгож, барилгын зураг төслийн төлөвлөлт болон барилга барих, ашиглах явцад   инженерийн хамгаалалтын талаар зөвлөмж өгнө.

5) Онцгой шинж чанартай хөрс чулуулгийн шинж чанар, тархалт, төлөв байдал, барилгын зураг төслийн тооцооны үзүүлэлтүүдийг БНбД 11-03-01-ийн Гуравдугаар бүлэгт заасан заалт тус бүрээр тусгаж өгнө.



3.14 ТОВЧ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
           Товч дүгнэлт зөвлөмжид дараахь үндсэн зүйлүүд тусгагдсан байвал зохино. Үүнд:
1)    Тухайн   барилга   байгууламжийн талбай, зурвасын инженер геологийн нөхцлийг тодорхойлсон хүчин зүйлүүд, төвөгшлийн зэрэглэл тогтоосон  үндэслэл.

2)    Хөрсний  усны  илэрсэн,  тогтсон  түвшин,  гарал үүсэл болон тэжээмжийн эх үүсвэрүүд, хамгийн их дээшлэлт доошлолтын түвшин, олон дундаж хэлбэлзлийн түвшин, уст үеүдийн гидрогеологийн өгөгдлүүд, химийн найрлага, бусад шинж чанар.  

3)    Зураг төслийн төлөвлөлтөнд хэрэглэгдэх ердийн болон онцгой шинж чанартай хөрс чулуулгийн физик мехник шинж чанарын норматив ба тооцооны өгөгдлүүд, шинж чанарын зэрэглэл, ангилал (мөсжилт, хүлэржилт, давсжилт, суулт, зэврүүлэлт гэх мэт) тэдгээрийг тогтоосон үндэслэлүүд.

4)    Тухайн талбай, зурвасын хүрээнд барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах явцад нөлөөлөх геологи, инженер-геологийн хүчин зүйлүүдийн чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тодорхойлж цаашдын хувиралт өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаарх үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмж.

5)    Инженер-геологийн нөхцөл, хөрс чулуулгийн шинж чанараас хамааруулан тогтоодог барилгын зураг төслийн төлөвлөлтийн бусад норматив (Газар хөдлөлтийн балл, улирлын хөлдөлт гэсэлтийн гүн, газар шорооны ажлын зэрэг гэх мэт ) үзүүлэлтүүд.

6)    Дүгнэлт, зөвлөмж нь үндсэн бүлгүүдийн үндэслэлтэй зөрчигдөөгүй, товч тодорхой хоёрдмол санаагүй байвал зохино.


3.15 АШИГЛАСАН МАТЕРИАЛ буюу  “ИШЛЭЛ”
Ашигласан материал буюу Ишлэл-ийн бүрдэл нь энэ дүрмийн 2.18-д заасантай адил байна.  Загварыг Хавсралт “Д“-д үзүүлэв.

3.16 ӨРӨМДЛӨГ, МАЛТАЛТЫН БИЧИГЛЭЛ БА КАТАЛОГИ.
Өрөмдлөг,  малталтын  каталоги  ба  бичиглэл нь  энэ  дүрмийн 2.19 –д заасантай адил байна.  Загварыг Хавсралт “Е “, “Ж“- д үзүүлэв.

3.17  ХАВСРАЛТУУД.
1) Бичмэл хавсралтыг үндсэн бүрдэл ба шаардлага нь энэ дүрмийн Хоёрдугаар бүлгийн 2.20-т заасантай адил байх ба тухайн барилга байгууламжийн хүчин чадал, ангилал, зориулалт болон инженер-геологийн нөхцлөөс хамаарч зарим нэмэлт хасалт хийж болно.  

    2) Зураг хавсралтууд:
-    Төлөвлөж байгаа нэг болон хэсэг барилга байгууламжийн тодорхой хэсэгшил болон нийтэд нь харуулсан, барилга байгууламжийн талбайн хил хязгаар, шугаман байгууламжийн зурвасын дагуух  геодезийн цэг тэмдэгт, одоо байгаа барилга байгууламж, цооног, малталт, ажиглалт, хэмжилт туршилтын цэгийн байршлыг үзүүлсэн ерөнхий төлөвлөгөөний зураг.

      -  Инженер-геологийн зүсэлт, зүсэлтийн багана, цооногийн хийцийн зураг. 

      -  Инженер-геологийн судалгааны техникийн тайлан дүгнэлтийн бүх зураг, зүсэлт, хүснэгт, маягт, график нь улсын болон байгууллагын батлагдсан стандартын дагуу хийгдсэн байна.
      - Инженер-геологийн зураг болон зүсэлтийн хуудас бүрт штамп хийж, гүйцэтгэгч шалгагчийн гарын үсэг заавал зурсан  байна.

    Дөрөв. ТЕХНИКИЙН БОЛОН ХЯНАЛТЫН ДҮГНЭЛТ БИЧИХ

4.1 Өргөтгөх шинэчлэх барилгад зориулан явуулсан инженер-геологийн судалгааны дүгнэлтэнд дараах нэмэлт  тодруулалтыг тусгаж өгнө. 
1) Өргөтгөл шинэтгэл хийх барилга байгууламжийн суурийн улны доорх хөрсний одоогийн шинж чанар төлөв байдлыг анхны зураг төсөл хийх үеийн хөрс чулуулгийн шинж чанартай харьцуулан үзэж хөрсний болон хөрсний усны инженер-геологи, гидрогеологийн нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэх, хэрэв орсон бол тэр нь хөрсний даац бат бэх байдал, шахагдах суух нөхцөлд нөлөөлөл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийнэ.
2) Өргөтгөж шинэтгэхээр төлөвлөж байгаа барилга байгууламжинд ямар нэгэн хагарал, хэв гажилт гарсан эсэх, барилгын орчинд барилгын ашиглалтын үед үүссэн инженер-геологийн ямар нэгэн үзэгдэл үйл явц байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

4.2 Хагарч, хэв гажсан барилгад техникийн дүгнэлт гаргахад зориулан явуулсан инженер-геологийн судалгааны дүгнэлтэнд дараахь асуудлыг тусгаж өгнө.
1) Барилга байгууламжийн хагарал, хэв гажилтын шинж байдал, ус хаах, зайлуулах, усны түвшин бууруулах байгууламж байгаа эсэх, байгаа бол тэдгээрийн хэвийн байгаа эсэх, геологи орчныг өөрчлөгдөхөд нөлөөлсөн зүйл байгаа эсэхийг тодорхой тусгах.
2) Барилга байгууламжийн ашиглалтын үеийн хөрс чулуулгийн шинж чанарын өөрчлөлт, хөрсний физик-механик шинж чанарын норматив болон тооцооны өгөгдлүүдийг  барилгын суурийн улны доор болон түүний  нөлөөллийн  гадна гэсэн хоёр байдлаар тогтоож өгнө.

4.3 Барилга байгууламжийн ажлын явцад хийсэн инженер-геологийн хяналтын техникийн  дүгнэлтэд дараахь зүйлүүдийг тусгасан байна.
1) Суурийн котлован, суваг, газар доорх шугаман байгууламжийн суурийн бусад ухалт, инженерийн бэлтгэлийн талаарх мэдээлэл, зай хэмжээ, суурьд илэрсэн хөрсний шинж чанар, төлөв байдлыг тодорхойлж, инженер-геологийн өмнөх судалгааны дүгнэлттэй тохирч байгаа эсэхийг нарийвчлан тогтоож өгнө.
2) Хэрэв асгаас дэвсгэр хөрс хийсэн болон үндсэн ул хөрсөнд нягтруулалт хийсэн бол нягтралтыг стандартын дагуу туршилтаар тогтоосон үр дүнг дүгнэлтэнд тусгаж өгнө.
3) Хөрсний  усны  түвшинг  бууруулах  болон  бууралтын  дараахь үеийн хөрсний усны гидрогеологийн нөхцөл байдал, үзүүлэлтүүдийг туршилтын болон хэмжилтийн үр дүнгээр тогтоож өгнө.






















1 comment:

  1. Инженер Геологи, Геологийн Мэдээлэл Солилцох Нээлттэй Блог : Барилгын Инженер-Геологийн Тайлан Дүгнэлт Бичих Заавар >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Инженер Геологи, Геологийн Мэдээлэл Солилцох Нээлттэй Блог : Барилгын Инженер-Геологийн Тайлан Дүгнэлт Бичих Заавар >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Инженер Геологи, Геологийн Мэдээлэл Солилцох Нээлттэй Блог : Барилгын Инженер-Геологийн Тайлан Дүгнэлт Бичих Заавар >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete