Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Sunday, December 24, 2023

Дэлхийн рашааны талаарх мэдээлэл хүргэе та бүхэндээ (Монгол-д)

Хүний өвчин зовиурыг хөнгөлөн илааршуулдаг гайхамшигт шидэт ус бүх л тивүүдэд бий. Европ, Хойт Америкт рашааныг сайн судалсан, мөн өргөн ашигладаг юм. Румын бальнеологийн сувилалуудаар баян орны нэг. Өнөөдөр энд 172 гаруй рашаан сувилал ажиллаж байна. Иодит, мышьякт, хүхэрт, хлорт натрийн бүлээн, халуун рашаан элбэг. 2000 жилийн тэртээгээс үүссэн Бэйле-Геркулане сувилал нь хүхэрт, цацраг идэвхит (градус нь 55 °С) халуун 8 рашаан дээр байгуулагджээ. МЭӨ I зуунд римчүүд Геркулесын рашаанд орох газрыг байгуулсан түүхтэй. 

Капименешть, Совата, Слэникул, Молдовей зэрэг олон рашаан сувилалууд Румынд нэр хүндтэй юм. Баден- Бадены рашаан дэлхийд зартай билээ. Шварцвальдын ууланд орших шорвог-шүлтлэг, халуун энэ рашаан бүтэн жилийн турш олон зуун сувилуулагчдыг урин дуудаж байдаг. Баден-Баден сувиллыг бас өөр нилээд нэртэй хоёр ч сувиллын газартай хүмүүс их андуурч байдаг юм. Энэ нь Австралид орших Баден, нөгөө нь хойд Швейцарьт орших Баден билээ. Бүгд л хүхэрт халуун рашаан түшиглэсэн сувиллууд болно. Мөн үүнээс дутахгүй нэртэй рашаан сувилал нь Висбаден бөгөөд олон тооны халуун рашаан булаг ундардаг юм. Тэдний градус нь 50 0 С хүрдэг.

Югослав өөрийн рашаанаараа нэрд гарсан орны нэг. Хүхэрт бүлээн рашаантай Баня-Лука, цацраг идэвхит ба хүхэрт рашаантай Враждин-Топлице зэрэг рашаан сувиллын газрууд нэлээд нэрд гарчээ. Францад ялангуяа түүний төвийн районд (Виши, Биарриц ба бусад ) олон рашаан бий. Европын орнууд Англи, Бельги, Итали, Венгер, Польш, Германы болон бусад улсад рашааны ордууд бий. Ази тив рашаанаар тун баялаг. Харин харьцангуй муу судлагдсан. Азийн улс орнуудын түүхэн хөгжилд бальнеологийн том төвүүд үүсч хөгжиж байгаагүй юм. Харин ЗХУ-ын азийн хэсэг бол өөр хэрэг. Японд Атамин, Бенну зэрэг рашаан сувилалууд байдаг. Энд хүхэрт халуун рашаанаар элбэг.

Зураг.1 Тунис улс 'Гафе" халуун рашаанд хүмүүс орж байна

Африкийн рашаан булаг судлагдаагүй байна. Хойт Африкт л хэд хэдэн рашаан сувилал бий (жишээ нь Тунист 'Гафе" халуун рашаан) Эфиопи, Кенид Танганик, Ньяс нууруудын районд дэлхийн царцдасын гүний хагарлын дагуу илэрсэн ундарга ихтэй рашааны ордууд байдаг. Нутгийн хүмүүс эдгээрийг ашигладаг ба цаашид тусгаар тогтносон залуу улсуудын хөгжил нь тэдгээрийг өргөн ашиглах л болно.   

Зураг.2 Хойд Америк, Вайоминг, Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хар опал усан сан, халуун рашаан, шар замаг, ашигт малтмалын ордууд

Хойт Америкийн рашаанууд сайн судлагдсан бөгөөд рашаан сувилалын өргөн сүлжээтэй юм. Хүн төрөлхтөн газар доорхи рашааны ордыг хангалттай өндөр түвшинд ашиглаж чадахгүй л байгаа юм. Ялангуяа хөгжлөөр буурай улсуудад бүр хангалтгүй байгаа болно. Баруун Европ, Хойт Америкийн бальнеологийн сувиллууд баян хүмүүсээр дүүрэн байдаг ба энгийн ядуу хүмүүст хаалттай. Социалист орнуудад рашаан сувилал нь нийт хөдөлмөрчдийг эрүүлжүүлэхэд чиглэсэн. 

Манай Монгол оронд ч мөн адил халуун рашаан түүнийг дагасан сувилал амралтууд маш олон бий. Гэхдээ хамгийн том нь Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Та бүхэн заавал нэг зорьж очиж үзээрэй.

Зураг.3 Халуун рашаан уур манан иймэрхүү харагдана, градус нь 96 °С хүрнэ


Зураг.4 Халуун рашааны ерөнхий харагдах байдлын зураг

No comments:

Post a Comment