Санал хүсэлт илгээх

Санал хүсэлтээ baysaa321@gmail.com хаяг руу илгээнэ үү.

Tuesday, September 10, 2013

Цэвдгийн үзэгдэл үйл явцууд



Олон жилийн бөөрөг: Гол, нуурын сав газрын нам татам, татмын дээрхи 1-р дэнжид голдуу тохиолддог. 1-20м хүртэл өндөр, 2-100м хүртэл урт, 1-2м ээс 30-40м хүртэл өргөнтэй гүдгэр хэлбэрийн геоморфологийн бичил элементийг үүсгэдэг. Мөсөн зоориноос бусад барилга, байгууламжийг олон жилийн бөөрөгт барихыг хориглох бөгөөд харин зам, гүүр, цахилгаан, холбооны шугам зэрэг олон арван км үргэлжлэх шугаман байгууламжийн хайгуулын үед судалгааг хийдэг. Олон жилийн бөөргийн хэлбэр дүрс зөв байвал хөгжлийн идэвхитэй үедээ байгаа, орой хажуу нь хотойсон, мөн жижиг нуур, ус тогтсон байвал хөгжлийнхээ төгсгөл үед орж байгаа гэж үзнэ. Энэ бүгдийг үндэслэн тухайн бөөрөг барилга байгууламжид ямар нөлөө үзүүлэх талаар чанарын үнэлгээ өгнө.
Улирлын бөөрөг: хөрс хөлдөхөд овойлт үүсдэг нэг хэлбэр бөгөөд чийгээр харилцан адилгүй хөрснүүд хөлдөхөд гадаргад овон товон үүссэнээр бий болно. Олон жилийн бөөргөөс хэмжээгээрээ бага бөгөөд өвөлдөө эрчимжиж, зундаа зогсонго байдалд ордог улирлын чанартай үзэгдэл юм. Өвөл 1-2 сард хамгийн их идэвхижиж, зун 7-8 сард зогсонги байдалд орно. Судалгааны үед улирлын бөөргийн хэлбэр хэмжээ, тархсан талбайг тогтоож бөөргийн сөрөг нөлөөллийн талаар үнэлгээ өгнө.
Халиа:  улирлын чанартай цэвдэгт үзэгдлийн хамгийн их тархсан хэлбэр бөгөөд манай орны хувьд голын, булгийн гаралтай хөрсний усны халиа зонхилж, хааяа нийлмэл гарлын халиа тохиолдоно. Халиаг өвлийн улиралд хээрийн нөхцөлд судлах нь илүү тохиромжтой. Судалгаагаар халианы эх булаг, хэлбэр хэмжээ, мөсний зузаан, тошин гүйж хөлдөх чиглэл зэргийг хэмжинэ.
Хүйтний хагарал: хүйтний улиралд хөрсний гадаргын болон гүний температурын ялгавараар үүссэн хүчдлийн улмаас үүсдэг үзэгдэл юм. Хүйтний хагаралаар олон тооны систем хагарлуудын бөөгнөрөл тодорхой хэлбэртэй олон өнцөгт үүсгэн тогтоно. Энэ процессоор гадаргуугийн өнгөн хэсгээр ан цавын шаантаг хэлбэрийн мөс их хэмжээгээр үүсэх нөхцөл бүрддэг тул тусгайлан судална. Хүйтний хагарлыг газар дээр нь судлахдаа түүний өргөн, гүн, хагарлуудын үүсгэсэн системийн хэлбэр дүрс, хүйтний хагарал идэвхижиж эхлэх, аних хугацааг тус тус тогтооно. Хүйтний хагарал барилга байгууламжийн сууринд нөлөөлөх эсэхийг судлана.
Термокарст: энэ үзэгдэл голдуу гол, нуурын татамд төвлөрсөн байдаг. Термокарст бол их мөсжилттэй хөрс буюу газрын доорхи мөс хайлж гэссэний улмаас үүссэн хотгор хотсууд юм. Термокарст нь хотгортоо голдуу нууртай байдаг. Термокарстын хотгор хотос, нуурын хэлбэр дүрс, хэмжээгээр нь хурдасны мөсжилт, хайлсан мөсний гарал үүслийн талаар урьдчилсан дүгнэлт өгнө. Судалгааны талбайд Термокарстын илрэл байгаа эсэхэд ажиглалт хийж тийм илэрэл байвал тухайн талбайд газрын доорхи мөс байгаа эсэхийг нягталж үзнэ.
Солифлюкци: энэ үзэгдэл 2-30 аас их налуутай хажууд, өндөр чийгтэй элсэнцэр-шавранцар зэрэг дисперслэг ул хөрс хөлдүү улан дээгүүр гулсах явцад үүсдэг. Чийгийн дутагдалтай манай орны хувьд Солифлюкцийн эрч, далайц нь харьцангуй бага байдаг бөгөөд голдуу уулын хажуу бэл дагаж гардаг зам гүүрийн ажилд энэ үзэгдэлийг анхаарч судлах шаардлагатай. Солифлюкцийн дэнжид голдуу шурф малтаж судалгааг явуулна.

1 comment:

  1. Сайн байна уу? Та бүхэнд ажлын амжилт хүсье. Хөвсгөл аймаг дахь термокарстын нөлөөгөөр үүссэн нууруудыг нэрийг хэлж өгч тус болооч ээ.

    ReplyDelete