Хүмүүн бидэн угтаа ус юм гэдэг бодит баримтыг ойлгох нь орчлонгийн нууцыг тайлах түлхүүр юм. Хүрээлэн буй дэлхийгээ энэхүү шинэ өнцгөөс шинээр авч үзвэл та аливааг урьд өмнө нь хэзээ ч олж харж байгаагүй мэт шинээр харж эхэлнэ. Хүмүүний энэхэн насны амьдралд тохиох зүсэн зүйлийн үйл явдал усанд ойж, тэрхүү үйл явдлын учир нь тайлагдаж байна. Хувь хүн хийгээд нийгэм нэгэн их далайг бүрэлдүүлж, тэрхүү далайд бид өөрсдийн өвөрмөц дуслаа нэмснээр нийгмийн хэв загварыг бүрэлдүүлэхэд оролцож байна. Бидэнд зориулан буй усны энэхүү илгээлтийг аль болох олон хүнд хүргэхийг хүссэн тул мөсөн талстынхаа зургийг хэвлэхээр шийдсэн юм. Энэ үйлдэл хэдийгээр ганцхан жижиг дусал боловч үүсгэж буй давалгаа нь улам өргөжин тэлсээр миний болон олон хүний амьдралд асар их нөлөө үзүүлсэн билээ. Би зургаа анх 1999 онд буюу энэхүү өвөрмөц эрсдэлтэй оролдлогоо эхэлснээс хойш 6 жилийн дараа хэвлүүлсэн юм. Эхний 6 жилд уул овоо шиг их зурагтай болсон ч бүгдээрээ ажлын маань өрөөнд л хэвтэж байлаа. Зургуудаа хэвлэлд өгөхөөр бэлдэн ангилж, цэгцэлж байхдаа нэгэн түүхийг дэлгэж байгаагаа ойлгож эхэлсэн билээ. Талст бүр асар их, ер бусын түүх өгүүлэхийг хичээн буйг тэгэхэд л ойлгож эхэлсэн юм.
Зургаа хэвлэх санаа сэдмэгцээ хэд хэдэн хэвлэлийн газар санал болгосон авч нэг нь ч сонирхсонгүй. Бүгд татгалзсан ч гэсэн зургаа хэвлүүлэх зорилгоо орхилгүй өөрөө хэвлэхээр шийдлээ. Гэвч дараа нь хэдийгээр би зургаа боловсруулаад ном болгочихлоо гэхэд түгээлтийн хязгаарлагдмал тогтолцоотой Японд миний номыг дэлгүүрээр зарахыг зөвшөөрөхгүй юм байна гэдгийг ойлголоо.
Энэ нь бэрх саад мэт байсанч үүнд санаа зовохгүй байхаар шийдэв. Бэлэн болсон номоо ирэхээр нь би ганц хоёр зуугаар нь боогоод урьдчилан захиалсан хэдэн найз, танилдаа илгээчихпээ. Анхны илгээлтээ явуулаад удаагүй байтал сонин явдал болж эхэллээ. Бид номыг урьдчилан захиж авсан хүмүүсээс дахиад захиалга авч эхэллээ. Тэд найз нөхөд, танилдаа номын талаар хэлж, цаадуул нь бас өөр хүмүүст ярьжээ. Зарим хүн тав, бүр арвыг худалдаж аваад найзууддаа өгсөн байх юм. Эгээ л цөөрөмд дуссан дусал устай адил маш хурдан долгиолон тархсан билээ.
Хэсэгхэн хугацаанд л хүсэн хүлээж байснаас минь даваад явчихсан. Би ч энэ зурагтай номд байгаа зүйлээ дэлхийн хүмүүст хүргэхийг хүссэн учраас орчуулгын товчоонд хандан бүх тайлбарыг англиар орчуулж гаргасан билээ. Азаар номыг маань дэлхийн хүмүүс анзаарч харсан юм. Хожим миний орчуулагч хийж байсан Шизүко Ойвеханд гэдэг бүсгүй номыг маань Европ, Америкт байдаг найз нартаа илгээсний дүнд миний номыг уншсан хүмүүс надад нутагт нь ирж илтгэл тавих хүсэлт тавьж билээ. Хэдхэн жилийн дотор би Швейцарь, Герман, Австрали, Голланд, Итали, Англи, АНУ, Канад зэрэг дэлхийн олон оронд зочилж, хүмүүст талстын тухай танилцуулах завшаан тохиосон юм.
Бүх зүйл яг л номоороо, цагтаа
болж байгаа мэт санагдсан. Хүмүүс өөрсдийн оршин буй дотоод гадаад эмх
замбараагүйдлийн хайж байдаг. Зургийн энэ цомог дэлхий даяар тархсан, жижиг ч
гэсэн утга төгөлдөр долгионыг үүсгэсэн дусал юм. Энд би авсан зургийнхаа нэгээхэн
хэсгийг л танилцуулах гэсэн юм. Заримыг “Усны үг” хэмээх бүтээл, заримыг нь
“Усны үг II” хэмээх зургийн цуглуулгаас авч, үлдсэн нь энэ номонд зориулж авсан
зураг байгаа юм. Үг, зураг, хөгжим усанд тусгалаа олсныг, нөлөөлснийг та өөрөө
тодорхой олж харах болно.
Эдгээр зургийг харсан Япон болоод
бусад орны хүмүүс надад бодол санаагаа бичсэн захидал илгээж байв. Цөөрөмд
шидсэн жижигхэн чулуу ийнхүү том том долгио үүсгэсэн нь надад буцаад ирж байгаа
хэрэг. Шашин
болон гүн ухаанаас тэс хөндлөн мэт санагдах, ус болон бусад бодсыг өөрчлөх хүч
хүний үг, бодолд буй гэснийг үл харгалзан хүний үг хэл, ухамсар оюуны хүч
мөсний талстад нөлөөлөн хэлбэржүүлж байгааг
хараад ийм олон хүний сэтгэл хөдлөх юм гэж санасангүй.
Усны зарим талст дэлхий ертөнцийн бүхий л гоо сайхны бэлгэдэл мэт сүр жавхлантай байхад зарим ус сүнс нь харанхуй ичээндээ унтаж буйг өгүүлэх мэт юу ч үгүй эсвэл гажуудаж эвдэрсэн талст үүсгэх юм. Ийнхүү ганцхан дусал ус хүн хүнд янз бүрийн нөлөө, давалгаан үүсгэдгийг олж мэдсэн юм.
Илүү ихийг таньж мэдэхийг хүсвэл "Хариулт нь усанд буй" Масару Эмото УБ 2019 он -тус номыг олж уншаарай.