Гидрогеологийн эрэл хайгуулын ажлын дэс дараалал
1. Хээрийн ажлын бэлтгэл:
Тухайн бүс нутгийн хэмжээнд урьд өмнө гүйцэтгэсэн
ижил төстэй геологи-гидрогеологийн судалгааны ажлын анхдагч баримтат материал,
суурь мэдээлэл болон эцсийн үр дүнгийн тайлан, дагалдах бүх хавсралт зураг,
схем, түүнчлэн бусад фонд, архивын холбогдох материалтай нэг бүрчлэн танилцаж,
нарийвчилан судлах, дэлгэрэнгүй анализ, онолын зохих тайлал, боловсруулалтыг
хийх, шаардлагатай баримт мэдээллийг цуглуулж бүрдүүлэх, тэдгээрт мэргэжлийн
үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид явуулах судалгааны ажлын арга зүй, аргачлалыг
илүү оновчтой хувилбараар авахаар заах.
2. Хээрийн судалгааны үе шат:
Судалгаанд хамрагдаж буй тухайн бүс нутгийн дэвсгэр
талбайн хүрээнд тэргүүн ээлжинд геологи-гидрогеологийн урьдчилан тандаж
танилцах маршрут-ажиглалт, уст цэгийн бүртгэл, тооллогыг явуулж, геоморфологи,
структур-тектоникийн байдал, геологийн тогтоц болон гидрогеологийн байгалийн
суурь нөхцөлтэй газар дээр нь явж нарийвчилан танилцах, газрын гадаргуугийн
хотгор, гүдгэрийн орчин үеийн дүрс зүйн талаар шаардлагатай биет хэмжилт,
холбогдох бичиглэл, баримжуулалтыг хийх, улмаар анхан шатны шинэчилсэн тулгуур
мэдээлэл, баримт материалыг цуглуулж бүрдүүлэх, агаар, сансарын зургийн зохих
тайлал, боловсруулалтыг гүйцэтгэх, тухайн орчны гидрогеологийн судалгааны
эрлийн байгалийн болон зохиомол шинж тэмдэг, шалгуурыг илрүүлэн ялгаж тогтоох,
тэдгээрийн цаашдын судалгаандаа бүтээлчээр оновчтой байдлаар ашиглах.
Геофизикийн гадаргуугийн судалгааг зохих арга
аргачлалаар явуулж, эрэл хайгуулын ажлын дэвсгэр бүсэд тархсан аливаа насны
хурдас, чулуулгийн геологийн зүсэлтийг талбайн хэмжээнд болон гүний бүтцийн
дагуу литологийн бүрэлдэхүүний онцлогоор нь тандан ангилж, тэдгээрийн хил
заагийг бүдүүвчилэн тогтоох, ус хангамжийн эх үүсвэрт практикийн ач
холбогдолтой газрын доорх усны байгалийн нөөцийн хуримтлал, бөөгнөрөл байж
болох магадлал бүхий тодорхой цэг, усжсан бүсийг тоймчлон ялгаж, гидрогеологийн
цооног өрөмдөх цэгийн талбайн байршлын талаар холбогдох зөвлөмжийг өгөх, тухайн
бүс нутгийн геологи-структурын онцлог байдлыг тандан судлах.
Өрөмдлөг хайгуулын ажлын хүрээнд геофизикийн үр дүнд
тулгуурлан гидрогеологийн өрөмдлөгөөр тухайн судалгааны дэвсгэр талбайн хүрээнд
тархсан аливаа насны хурдас, чулуулгийн геологийн зүсэлтийн гүний бүтцийн
дагуух литологи-чулуулаг зүйн бүрэлдэхүүний онцлог байдал, гидрогеологийн орон
зайн (нүх сүв, ан цав...гэх мэт) өвөрмөц шинж төлөв, түүнчлэн харьцангуй өндөр
чадамжтай бөгөөд практикийн тодорхой ач холбогдол бүхий биеэ даасан уст
давхарга, цогцолбор, усжсан бүсийн бодит зузаан, тэдгээрийн гүний байршил болон
талбайн тархалтыг нарийвчлан судалж тогтоох, уг бүс нутгийн дэвсгэр талбайн
хэмжээнд геологийн тогтоц, гидрогеологийн нөхцлийг иж бүрэн үнэлэх зэрэг ажлууд
хийгдэнэ.
Сорилт туршилтын ажлын шатанд зохих арга зүй,
аргачлалын дагуу дээжлэлт болон туршилтын шавхалтыг явуулж, гидрогеологийн
ажиглалт, шардлагатай хэмжилтийг гүйцэтгэж, тухайн цооногийн анхан шатны суурь
мэдээлэл болох үндсэн өгөгдлийг (ундарга, усны
түвшиний бууралт, хөдөлгөөнт болон тогтонги түвшиний гүний байршил зэрэг) бодит туршилтын аргаар өндөр нарийвчлал,
үнэмшилтэйгээр хэмжиж тодорхойлох, түүнчлэн шавхалт нэг бүрийн төгсгөлд
гидрохимийн дээжлэлтийг хийж, мэргэжлийн лабораторид холбогдох төрлийн
шинжилгээ хийлгэх, улмаар судалгааны талбайд тархсан хурдас, чулуулгийн ерөнхий
суурь усжилтыг геологийн зүсэлтийн гүний бүтцийн дагуу болон нийт талбайн хэмжээнд
нарийвчилан судалж тогтоох, харьцангуй өндөр чадамжтай биеэ даасан уст
давхарга, цогцолборын тооцооны үндсэн параметрийг тодорхойлох, газрын доорхи
усны ашиглалтын нөөц баялгийг үйлдвэрлэлийн зохих зэргээр үнэлж тогтоох
боломжийг бүрдүүлэх.
Гидрогеологийн цооног болон уст цэгүүдээс
гидрогеохимийн дээжинд лабораторийн шаардлагатай шинжилгээг хийлгэж, усны
чанар, химийн найрлага, физикийн шинж төлөвт холбогдох стандартуудын дагуу
мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгч боловсруулалтыг хийнэ.
3. Суурин боловсруулалтын үе шат:
Эрэл-хайгуулын судалгааны хээрийн үйлдвэрлэлийн
ажлын шатанд тухайн талбайд тархсан газрын доорхи усны байгалийн түвшин болон
түүний чанар, химийн найрлага, физикийн шинж төлвийн орон зайн ба цаг хугацааны
өөрчлөлтийг нарийвчлан судалж тогтоох зорилгоор тодорхой тооны мониторингийн
цооногийг тусгайлан бэлтгэсэн яндан-шүүрийн цуваагаар тоноглож, тэдгээрт зохих
арга зүй, аргачлалын дагуу горимын ажиглалтын судалгаа явуулж, гарсан бодит үр
дүн, холбогдох баримтат материал, суурь мэдээлэлд онолын шаардлагатай тайлал,
боловсруулалтыг хийж, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгөх.
Газрын доорхи усны гидрогеологийн судалгааны хээрийн
үйлдвэрлэлийн ажлын шатанд завсарын суурин боловсруулалтын ажлыг гүйцэтгэх.
Гидрогеологийн судалгааны хээрийн үйлдвэрлэл болон
гидрохимийн дээжний бүх төрлийн лабораторийн шинжилгээний ажлыг гүйцэтгэж
дууссаны дараа эцсийн суурин боловсруулалтын шатанд анхдагч баримтат материал
болон бусад холбогдох суурь тулгуур мэдээллийг иж бүрэн боловсруулж, нэгтгэн
дүгнэж системчлэх, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх, тухайн судалгааны эцсийн үр
дүнгийн тайланг бичиж дуусгах, бүх дагалдах хавсралт зураг, схемийн эхийг
боловсруулж зохиох, тэдгээрийн хэвлэж бэлтгэх зэрэг шаардлагуудыг тавина.
Эх сурвалж: Гидрогеологийн хайгуул, судалгааны ажил, газрын доорх усны нөөцийн үнэлгээний гарын авлага, УБ 2015 он.